Санхүүгээ базъя: Spreadsheet

Lemon Press
4 min readFeb 4, 2021

--

Нэг л мэдэхэд цалин дуусчихсан байна уу?
Юунд үрсэн нь мэдэгдэхгүй мөнгөгүй болчихдог уу?
Орлого нэмэгдсэн ч хангалттай хуримтлалтай болж чадахгүй байна уу?

Хэрвээ танд ийм асуудал гардаг бол наашаа түр анхаарлаа хандуулаарай. Санхүүгээ базах маш амархан арга хэлж өгье.

Энэ удаа бид Google Spreadsheet дээр яаж санхүүгээ зохицуулах талаар дэс дараатайгаар тайлбарлая гэж бодлоо. Уншаад таалагдвал манай Template-ийн линкрүү дараад “Open with” — “Google Sheets” — “File” — “Make a Copy” гэсэн дарааллаар өөрийн Google Drive дээрээ хуулж аваарай. Та “gmail” ашиглах ёстой шүү. Манай Template ерөнхийдөө 3 хэсгээс бүрдэж байгаа. Зүгээр л нэг жишээ учраас өөртөө тааруулаад яаж ч засаж болно.

I. Орлого, зарлагаа бүртгэх хэсэг

Линкрүү дармагц хамгийн эхний хуудсанд эхний сарын орлого, зарлагаа бүртгэх хэсэг гарч ирнэ. Та энд эхний үлдэгдэл буюу одоо байгаа мөнгөнийхөө хэмжээг хийнэ. Эцсийн үлдэгдэл нь өөрөө бодогдоод, сарын эцэст хэд болсныг нь таны ямар ч оролцоогүйгээр харуулна гэсэн үг. Амархан байгаа биз?

Тэр мөнгөний гахайг харж байна уу? Тэнд энэ сард таны хадгаламждаа хийсэн мөнгөний дүнг харуулна. Энд байгаа дүн өсөөд л байвал сэтгэл сайхан байх гээд байгаа юм даа. Харин та хуримтлал хийсэн бол “Орлого” хэсэгт дүнгээ оруулаад, суман дээр дараад “Хадгаламж” гэсэн сонголтыг хийх ёстой. Ингээд хадгаламж гэсэн гүйлгээ оруулах болгонд дүн нь нэмэгдээд явах нь ээ. Гэх мэтчилэн орлого, зарлагаа оруулахдаа төрлөө сайн сонгоод яваарай.

Зөвхөн хадгаламжруугаа хийсэн мөнгө гэлтгүй, Орлого, Зарлагын задаргааг харуулсан Pie Chart-нууд ч бас автоматаар өөрчлөгдөх учраас та зүгээр л сайн бүртгээд явахад л болно шүү. Яг энэ мэтчилэн, улирал улирлаар нь хуваасан байгаа. Болдог бол та нарынхаа гүйлгээнүүдийг нь ч бас бүртгээд өгчихмөөр л байна. Аан, нээрээ гүйлгээний мөрүүд нь дуусчихвал зүүн талын баганын дунд хэсэгт нь Right Click дараад Insert Row гээд дарвал томьёонд нь өөрчлөлт орохгүйгээр мөр нэмэгдээд явдаг байгаа шүү.

II. Жилийн бүртгэл хуудас

Энд юу ч бөглөх шаардлага байхгүй. Зүгээр л тухайн жилийн орлого, зарлагаа том зургаар нь харж, дүгнэлт хийх хэсэг юм.

Эхний хүснэгтийг харцгаая. Энэ хүснэгтийн “Зөрүү” хэсэгт бол та тухайн сард ямар ашиг/алдагдалтай байсныг харуулна. Сарын эхэнд ямар мөнгөтэй байсан, сарын сүүлд хэд болсон байна? Аль сард илүү их зардалтай байсан бэ? Энэ жилийн нийт орлого ба зарлага хэд байв? Гэх мэт чухал асуултуудад хариулж болно.

Дараагийн хүснэгтийг харцгаая. Өмнө нь тайлбарласан зурган дээр орлого, зарлагаа бүртгээд явахдаа төрлийг нь сонгоод байсныг санаж байгаа биз дээ. Тэндээс энэ хүснэгтрүү өөрөө ороод ирнэ. Өмнөх хүснэгтэн дээр орлого, зарлагаа ерөнхийд нь харсан бол энэ удаа бүр задалж үзнэ. Орлого, зарлагаа задалсан болохоор юунд хамгийн их мөнгө үрээд байгаагаа эндээс харж болох нь байна шүү. Бүтэн жилийн турш, хадгаламжруугаа хэдэн төгрөг хийснийг ч бас харах боломжтой.

III. Сүүлийн “Төсөв” гэсэн хуудасруу оръё.

Төсөвлөнө гэдэг нь зүгээр л хэдийг олж, хэдийг нь зарцуулахаа өөрөө шийдэж байгаа л гэсэн үг шүү дээ. Хэдий болтол урсгалаараа явах вэ дээ. Энэ хэсгийг нөхөөд санхүүгээ жинхэнэ утгаар нь удирдвал яаж байна даа.

Тэгэхийн тулд бүдэг цэнхэр дээр та өөрөө таамаглаж нөхнө гэсэн үг. Та орлого, зарлагаа бүртгэх болгонд “Бодит” хэсэг өөрчлөгдөж байх тул төсөвтэйгээ харьцуулж харж, төсвөөсөө хэтрүүлэхгүй байх нь л энэ хүснэгтийн гол зорилго юм. Заавал нарийвчлаад байх шаардлагагүй ч зөрүү хэсэг нь төсөвлөснөөсөө бага байх вий гэдэг дээр анхаарах нь зүйтэй.

Дараагийн хүснэгт дээр орлогоо нийтээр нь оруулсан байгаа. Энэ дүнгээ харж байгаад зарлагууддаа тараан байршуулснаар аль төрөлд хэр их мөнгө зарцуулахаа бүр нарийн ялгачихна гэсэн үг. Тэгээд бас л “Бодит” гэсэн хэсэгтэйгээ тулгаад явчхад төсвөөсөө хэтрүүлэхгүй, гэнэтийн илүү дутуу худалдан авалт хийхээсээ зайлсхийж чадна гэдэгт эргэлзэхгүй байна.

Санхүүгээ байнга бүртгэснээр тоон баримжаа аваад ч зогсохгүй худалдан авалт хийх бүрдээ хянамгай болчихдог. Энэ л үйлдлийг дадал болгож чадвал санхүүгийн зорилгодоо хүрэх ч амар болно биз дээ.

Мэдээж та нэмж сайжруулаад, өөртөө тааруулаад эвтэйхэн болгоод авч болно шүү.

Эцэст нь гэж хэлэхэд, санхүүгийн сахилга бат нь хэр их орлого олж байгаадаа биш, хэр ихийг хэмнэж чадсандаа л байдаг шүү. Тиймээс одоо ч оройтоогүй байгаа дээрээ орлого, зарлагаа бүртгэж эхэлцгээе. Асуух зүйл байвал коммент үлдээгээрэй.

Манай товхимолд бүртгүүлэх бол Lemonpress.mn вебсайтад ороод и-мэйлээ хийгээд л болоо.

Манай сошиал хаягуудыг бас дагаарай:

Facebook
Instagram
Twitter

--

--

Lemon Press
Lemon Press

Written by Lemon Press

Хөрөнгө оруулалт, санхүү, бизнес, технологийн тоймыг 7 хоногт 2 удаа, хуулийн тоймыг 1 удаа имэйлээр үнэгүй илгээнэ. Уншаад үзье гэвэл 👉 www.lemonpress.mn/

Responses (2)