Санхүүгээ базъя: Budget Apps

Lemon Press
4 min readFeb 11, 2021

--

Өмнө нь бид Google Spreadsheet дээр хэрхэн орлого, зарлагаа бүртгэх талаар бичсэн бол энэ удаа гар утасны аппликэйшн (Budget Apps) дээр хөтлөх талаар сонирхуулъя. Олон хүнээс асууж туршсаны эцэст, 5 төрлийн апп сонголоо. Бүх юмыг нь шийдэж өгсөн цогц апп-ууд олон болсон болохоор таны зүгээс тууштай байх л үлдэж байгаа юм даа.

Fortune City — Expense Tracker

Үнэгүй татах: IOS, Android

Яг үнэндээ, хүмүүс апп дээр орлого, зарлагаа бүртгэж эхлээд жаахан байж байгаад уйдчихдаг шүү дээ. Бас тийм ч зугаатай ч үйлдэл биш гэдгийг ойлгож байна. Гэхдээ энэ асуудлыг шийдсэн апп гэвэл эгдүүтэй, хөөрхөн загвартай Fortune City л байна даа.

Онцлог: Та энэ апп-ийг ашиглан орлого, зарлагаа бүртгэхдээ хотын даргын ажлыг хийх болно. Юу гэсэн үг вэ гэхээр, таныг өөрийн гүйлгээг оруулах бүрд байшин баригдаж та тэрхүү хотыг хөгжүүлэх юм. Өөрөөр хэлбэл яг л тоглоом тоглож байгаа юм шиг мэдрэмж авангаа орлого, зарлагаа бүртгээд явах боломжтой болжээ. Бас дээрээс нь сайн бүртгээд явах юм бол зөндөө шагнуулна шүү.

Давуу тал: Зураглал, арын ая гээд л уйдахааргүй. Бүртгэх тусам зоос олж, олон иргэдтэй болоод хотоо улам хөгжүүлдэг болохоор орлого зарлагаа бүртгэх сэдэлжүүлэлт/motivation өгдөг юм шиг санагдсан.

Сул тал: Үнэгүйгээр нь ашиглаж болох ч өшөө олон функцүүдийг нэмэхийн тулд сарын $2.99 төлөх хэрэгтэй. Мэдээж хэрэг жилээр бол бүр хямд тусна. Төлбөртэй ашиглаж байгаа тохиолдолд төсөв гаргах, таны зардлуудад өөрчлөлт гарах юм бол мэдэгдэх, зарлагадаа дүгнэлт хийх болон мөнгө хэмнэх challenge-ууд нэмэгдэнэ.

Spendio — Spending Tracker

Үнэгүй татах: IOS

Онцлог: Олон түрийвч нээх, бүртгэх, график харах гэх мэт бүгдийг нь үнэгүйгээр хэрэглэх боломжтой. Хэрэглэхэд энгийн бас ойлгомжтой санагдлаа. Тогтмол зарлагуудаа автоматаар тохируулж болдог учраас дахин дахин бүртгээд байх шаардлагагүй.

Давуу тал: Санхүүгийн зорилгоо сонгож болдог нь бусад апп-ууд дээр нээх байгаад байдаггүй функц. Хэр их хугацаа үлдсэн, хэдэн хувийг нь хуримтлуулсан байгааг нь маш ойлгомжтойгоор харуулдаг. Тэгээд бас алга болчих гээд байдаг талон/баримтуудаа зургийг нь аваад хадгалах боломжтой.

Сул тал: Андройд утсанд татаж болохгүй. Бас орлого, зарлагаа бүртгэх хэсгийг илүү амарчилсан бол гэж бодогдлоо. Мөн олон категори нэмэхийн тулд бас төлбөр төлөх шаардлагатай.

Money Manager

Үнэгүй татах: IOS, Android

Онцлог: Бас нэг үнэгүй гэхэд боломжийн апп. Бүх хэрэгтэй зүйлс багтсан бас харагдах байдал нь эмх цэгцтэй. Өдрөөр, 7 хоногоор, сараар гэх мэтээр бүх орлого, зарлагуудыг харуулдаг нь хэзээ их мөнгө үрснээ харах боломжтой.

Давуу тал: Орлого, зарлага бүртгэдэг хэсэг нь их амар. Төрөл болон дүн нь хурдан гарч ирдэг болохоор илүү, дутуу үйлдэл шаардагдахгүй санагдсан. Бас нэг таалагдсан хэсэг нь filter ба энэ нь дансаа сонгоод зөвхөн тэр дансны орлого, зарлагыг харах боломжтой. Мөн pie chart-ууд нь маш ойлгомжтой.

Сул тал: Сурталчилгаа гарч ирээд байдаг нь бага зэрэг төвөгтэй ч, төлбөр төлөөд алга болгож болох юм билээ.

Money Pro

Татах: IOS, Android

Онцлог: Хэрвээ та олон данстай бол эсвэл хөрөнгө, ногдол ашиг, хувьцаа, зээл, татвар нэг бүрчлэн бүртгэхийг хүсэж байвал энэ апп тохирох байх. Зөвхөн орлого, зарлага гэхгүй өөр бусад төрөл бүрийн хөрөнгө, зээл гэх мэтийг бүртгэдэг цогц апп гэж ойлгож болно. Үнийн хувьд нэг удаа л $0.99-ээр худалдаж аваад ашиглах боломжтой.

Давуу тал: Нэг өөртөө тохируулаад засаад авчихвал их хэрэгтэй. Өөрийн гэсэн санхүүгийн тайлантай болно оо л гэсэн үг. Хэд л бол хэдэн данс үүсгэж болдог ба зарлага тус бүрд төсөв гаргаад явж болно. Төсвийн хэмжээ нь доор нь харьцуулагдаад гарч ирдэг нь бүр супер юм байна. Нээрээ, theme-ийг нь бас өөрчилж болдог шүү.

Сул тал: Хайгаад хайгаад сул тал олсонгүй тул алгаслаа.

Wallet

Үнэгүй татах: IOS, Android

Онцлог: Бас л ялгаагүй орлого, зарлага бүртгэдэг апп ч гэлээ, бусад апп-уудад байдаггүй функцүүд олон. График, chart-ууд нь илүү нарийвчлалтай бас хүсвэл нэмж болох widgets бий. Жишээлбэл, валютын ханш, мөнгөн урсгал, тренд гэх мэт. Илүү нарийвчлалтай бүртгэдэг, дараа нь харж тоймлон дүгнэдэг хүмүүст тохиромжтой санагдлаа.

Давуу тал: Дээр дурдсанаар, өөрөө аппликэйшнээ ямар байхыг нь сонгох, хэрэгтэй юмаа нэмэх боломжтой. Ирээдүйд төлөгдөх тооцоонууд, төсөв гэх мэт бүгдийг нь янз бүрийн графикаар илэрхийлж болдог нь харахад л ойлгомжтой. Бас нэг сонирхолтой зүйл нь таны тухайн сарын хамгийн өндөр зарлагыг харуулдаг. Байн байн харах хэцүү ч гэлээ, сануулга маягаар харж байхад илүүдэхгүй санагдлаа.

Сул тал: Орлого, зарлагаа бүртгэхэд хэт нарийвчлалтай учраас бага зэрэг ажиллагаа ихтэй.

Хараад байх нь ээ, төлбөртэй апп-ууд нь хамгийн ихдээ л $6 орчим байна лээ. Угаасаа апп ашиглаад $6 байтугай л хэмнэх юм чинь, хэдэн доллар зарцуулчхад яах вэ дээ, тийм ээ?

Товчоор дүгнэхэд, Money Pro апп-ийг ойролцоогоор 3000 төгрөгөөр аваад л орлого, зарлагаа бүртгэх нь хамгийн сайн хувилбар шиг санагдлаа. Олон төрлийн валют ашиглах, хөрөнгө болон зээлээ тооцоолох бас зорилгоо оруулах гэх мэт нэг дор бүх л хэрэгцээг хангаж чадсан байна. Илүү үнэ төлөөд, нэмэлт функцүүд авах боломжтой ч бараг шаардлагагүй л болов уу. Дөхөж очих үнэгүй апп гэвэл Money Manager-ийг санал болгож байна.

Хэрэв та Lemon Press товхимлыг уншихыг хүсвэл LemonPress.mn вебсайтад имэйлээ бүртгүүлээрэй.

Манай сошиал хаягууд:

Facebook
Instagram
Twitter

--

--

Lemon Press
Lemon Press

Written by Lemon Press

Хөрөнгө оруулалт, санхүү, бизнес, технологийн тоймыг 7 хоногт 2 удаа, хуулийн тоймыг 1 удаа имэйлээр үнэгүй илгээнэ. Уншаад үзье гэвэл 👉 www.lemonpress.mn/

No responses yet